Евро 2012 тэмцээний тийзийг зарим багууд аль хэдийнээ халаасалсан бол зарим багуудын хувьд урдчилсан шатны сүүлийн тоглолтоороо энэ эрхээ олж авах хүндхэн даалгавартай болоод байгаа билээ. Хэн нэгний хувьд өнөөдрийн тоглолт сайхан дурсамж үлдээх бол харин хэн нэг нь дараагийн тэмцээнийг хүртэл хүлээж суух болно.
Мезут Өзил: Бид Бельгийг заавал хожно
Евро 2012 тэмцээний А хэсэгт Германчууд 9 тоглолт дарааллан хожсон мундаг амжилт үзүүлж , яах аргагүй тэмцээний гол өрсөлдөгчөөр тодроод байгаа. Тэд нийт 31 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бөгөөд хамгийн сүүлд сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй Туркуудийг төвөггүй буулган авсан билээ. Туркийн шигшээ өнөөдөр сүүлийн тоглолтоо Азербайжаний эсрэг хийнэ. Тэд 14 оноотой заавал хожих шаардлагатай. Гэхдээ асуудал зөвхөн тэднээс шалтгаалахгүй. Гол өрсөлдөгч Бельги тэднээс нэг онооны илүү байгаа юм. Хэрэв Германчууд Бельгийг хожиж чадахгүй бол Туркууд Еврод шалгарах боломжгүй болно. Гэхдээ Германы шигшээд тоглодог Турк гаралтай Мезут Өзил Туркийн төлөө хожил авахаа амлажээ. Өзил 2007 онд Туркийн иргэншилээс татгалзаж, Германыг сонгосон хэдий ч эцэг, эхтэйгээ төрөлхи хэлээрээ ярьдаг хэвээрээ аж. Тэрээр Туркэд тогтмол очдог ба эцэг, эхийнхээ тосгонд үргэлж мөнгө хандивлаж , туслаж дэмждэг. Харин Стамбулд Турк Германы тоглоход бэртэлтэй байсан тул сэлгээний суудлаас тоглолтыг үзсэн юм. Өнөөдөр тэрээр Бельгийн эсрэг гараанд багтжээ. Германд 3:1 хожигдсоны дараа Өзил Туркийн багийн суудалд очиж, Бельгийг заавал хожиж, Еврогийн тавцанд уулзана хэмээн амлажээ. Мезут Өзилийн хувьд Туркийн шигшээд туслах нь нэр төрийн хэрэг болоод байна. Германчуудын хувьд тэртэй тэргүй шалгарсан боловч энэ тоглолтонд назгай байдлаар хандахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэд 10 тоглолтонд 10 хожсон шинэ амжилт тогтоохоор эрмэлзэж байна.
Туркийн шигшээ 2010 оны 10 сарын 12 нд Азербайжантай хийсэн тоглолтонд 1:0 харьцаатай хожигдож байсан. Энэ удаад заавал хожих нь тэдний хувьд амин чухал даалгавар болоод байна. Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Гус Хиддинк “ Мэдээж Бакуд хийсэн тоглолтыг эргэн дурсвал сэтгэл бага зэрэг зовниж байна. Хэрэв бид Азербайжаныг нутаг дээрээ хожихгүй бол Еврод тоглох ямар ч шаардлага байхгүй” гэжээ.
