2011-11-21
Дортмунд Байерныг зогсоов

Rating: 9.5/10 (6 votes cast)

Германы аварга  Борусси Дортмунд  үнэмлэхүй аварга Байерн Мюнхенийг  0:1 –ээр хожлоо. Ингэснээр германы аваргын төлөөх тулаан дахин нээлттэй болж байна.

Байерн  энэ оны хоёрдугаар сард  Аллианс Аренад  анх  удаа Дортмундад хожигдсон бөгөөд энэхүү тоглолт нь тэдний хувьд даагаа нэхэх боломж байв.

Энэхүү тоглолт нь Бундеслигийн хамгийн хүчтэй довтолгоотой мөн  шилдэг хамгаалалттай багуудын өрсөлдөөн мөн лигийн хамгийн ахмад , хашир туршлагатай дасгалжуулагч  Юп Хайнкес болон  залуу дасгалжуулагч Юрген Клопын тактикийн тулалдаан байлаа. Түүнээс гадна хүснэгтийг тэргүүлэгч Байерн,  Дортмундаас онооны зөрүүг ахиулж, цаашид аварга цолонд хүрэх замаа засах том боломж байлаа. Тиймээс энэ тоглолтыг олон хүн энэ жилийн топ тоглолт хэмээн нэрлэж байв.  Харин Дортмунд хожсоноор тэдний онооны зөрүү 2 болж багасав.

Мэдээж хоёр  шилдэг дасгалжуулагч тоглолтын төлөвлөгөөгөө хамгийн сайнаар боловсруулсан нь ойлгомжтой. Байерны хувьд гол тоглогч Бастиан Швайнштайгер удаан хугацаанд завсарлага авах болсон томоохон гарз болсон.  Хамгаалалтын хагасад  Луис Густаво болон Тони Кроос нар Швайштайгерийн орон зайг нөхөж  тоглосон юм.  Энэ тоглолтонд Анатолий Тимошук улаан хуудасны торгуультай тул өнжих болсон. Гэхдээ Байерны гараанд  зүүн жигүүрийн довтлогч Арьен Роббен багтсан нь бас нэг таатай мэдээ болсон гэдэг нь эргэлзээгүй. Ингээд баруун жигүүрт Рибери, зүүн жигүүрт Роббен , төвд Томас Мюллер цорын ганц довтлогч Марио Гомесийн араас дэмжиж тоглох болжээ. Төвийн хамгаалалтанд Бадштубер болон Боатенг нар зэрэгцэж Лаам, Рафиньяа өөрсдийн үндсэн байрлалыг эзэлсэн юм.

Юрген Клоп  энэ тоглолт тэдний хувьд маш чухал гэдгийг онцолж байсан бөгөөд боломжоо ашиглаж чадвал  Байерныг зогсоож болно гэж мэдэгдэж байлаа. Тэр тоглолтын өмнө “ Тэд хүссэнээрээ тоглож чадна. Хэрвээ  хэн ч бөмбөгийг хаалганд оруулж чадахгүй бол ямар ч амтгүй  “уран бүтээл”  болно” гэж хэлжээ. Клоп гэмтэл авсан төвийн хамгаалагч Суботичийн оронд Сантанаг тоглуулхаар болсон. Энэ нь хамгаалалтын үндсэн  гинжин дөрвөлд хийсэн цорын ганц өөрчлөлт болсон юм. Зүүн жигүүрийн хамгаалагч Марсель Шмельцер гараанд гарах эсэх нь эргэлзээтэй байсан хэдий ч түүний туршлага, хурдтай тоглолт энэ удаад заавал шаардлагатай болсон юм. Хамгаалалтын хагасад Свен Бендер болон багийн ахлагч Кель нар тоглосон. Довтолгоонд баруун жигүүрт Гөтце, зүүнд Гросскройц, төвд Кагава гарчээ. Байерны адилаар нэг довтлогчтой буюу Левандовскийг тэргүүн шугаманд илгээсэн юм.

Хоёр хаалгачын тухайд гэвэл Байерны хаалганд  германд төдийгүй дэлхийд нэр алдараа цуурайтуулсан Нойер зогссон бол Дортмундын хаалгыг  багтаа олон жил  амжилттай  тоглож байгаа Вайденфеллер нар манасан юм.

Хэрвээ хоёр багийн тоглогчдыг тус бүрт нь харьцуулалт хийвэл Байерн илүү давуу байдалтай харагдана. Түүнчлэн Байерн Аллианс Аренад тоглож байгаа нь бас нэгэн давуу нөхцөлтэй  байлаа.

Роббен бол Байернд үнэтэй тоглогч. Түүнийг эзгүйд баг нь  заримдаа тааруухан амжилттай тоглолтоо төгсгөдөг байв. Гэхдээ энэ бол өнгөрсөн улиралд ард хоцорсон дүр зураг. Дасгалжуулагч Юп Хайнкес шинэ улиралд шинэ Байерныг цогцлоож чадсанаар  Роббен бараг л  мартагдахад хүрсэн. Хайнкес Мюллер, Швайнштайгерийг хүссэнээр нь тоглуулж, зүүн жигүүрт Лаам болон Риберигийн довтолгооны аймшигтай хослолыг амилуулж, Тони Кроосын  хөлд нь хүч нэмсэн. Хамгаалалтыг   мөн ялгаагүй шинэчилж чадсан нь Байерныг лигтээ хамгийн цөөн гоол (5) алдсан багийн тоонд багтаав. Энэ бүхэн  шинэ хамгаалагчид болон хаалгачтай бас холбоотой боловч дасгалжуулагчийн багийг удирдаж байгаа арга барилаас  шууд хамааралтай.

Дортмундад тулгарах гол бэрхшээл бол Байерны зүүн жигүүрээс ирэх довтолгоо байсан юм. Швайштайгер байхгүй байгаа нь тэдэнд ашигтай байх нь ойлгомжтой. Гэхдээ баруун жигүүрт Роббен эргэн ирсэн нь бас нэг аюулын дохио болж байлаа. Тоглолтын эхнээс Дортмундчууд прессингээр , Байерны тоглолтын хэмнэлийг сарниулах оролдлого хийж байсан. Үүнийхээ үр дүнд булангын цохилт, хоёр ч удаа хаалттай цохилт хийх эрхийг эрт  олж авсан юм. Гэхдээ  Байерн аажмаар тоглолтондоо эргэн орж, бөмбөгийг илүү эзэмшиж эхэлсэн.Марсель Шмельцер  Роббенийг  маш сайн  хамгаалан тоглосоны дүнд Недерланд тоглогчоос ахицтай зүйл гарсангүй. Харин Байерны зүүн жигүүрийн тоглолтыг Гөтце , Бендер, Пишек нар  хол алхуулахгүй байв. Тони Кроосын хараатай дамжуулалт эзэндээ хүрч байсан боловч , өнөөх нь хар шаруудын хамгаалалтын хананд хүрээд бүтэлгүйтэж байлаа. Байерн бүх талаараа довтолгоонд чармайлт гаргаж байв. Гэвч аз,  амжилт  тэднээс нүүр бууруулжээ.

Дортмундын тоглогчдын идвэхтэй гүйлтүүд  аюултай довтолгоог эхлүүлэх суурь нь  болж байсан юм. Тоглолтын хоёрдугаар үе  эхэлсэнээс хойш  хэд хэдэн  аюултай довтолгоог Байерны хаалганд хийсэн. Кагавагын  давуулж цохих оролдлогыг  Нойер тун гайхалтай рефлексээр хааж багаа аврав. Тун зүтгэлтэй тоглож байсан  Левандовскийн төвөөс эхлүүүлсэн довтолгоо Кагавагаар дамжиж Марио Гөтцэ (65) түүнийг гоол болгож чадсанаар Дортмунд тоглолтыг хошуучилж эхлэв. Кагавагын дамжуулалт агаарт хөөрсөний дараа Боатенг бөмбөгийг хараанаасаа алдаж,  Гөтцед хаалганд цохих сайхан боломж нээгдсэн юм. Гоолын дараа Дортмунд хамгаалалтаа нягтруулж, өөрийн талбайд ухарсан байдалтай тоглов.

72 дахь минутад Роббен, Мюллер нарын оронд Алаба, Ивица Олич нар талбайд гарав. Гэхдээ тоглолтонд  нөлөөлөх юу ч өөрчлөгдсөнгүй. Удалгүй Рафиньяаг суулгаж, Нилс Петерсенийг оруулсанаар Байерн үндсэндээ гурван довтлогчтой тоглож байв. Риберигийн ганцаарчилсан довтолгоо, Густавогийн алсын цохилт тус бүрийг  Вайденфеллер амжилттай хамгаалсан юм.

Байерн Мюнхений багийн ахлагч Филипп Лаам  “Өөрийн талбайдаа ийм чухал тоглолтонд оноо авч чадалгүй салж байгаа нь харамсалтай. Өнөөдөр бидний довтолгоонд идвэхи , хөдөлгөөн тун бага байлаа” гэж дүгнэжээ.

Марио Гөтце багийнхаа довтолгоог зохион байгуулж, тоглолтын цорын ганц гоолыг оруулсан. Тэрээр  талбайд нийт 12 км гүйжээ.  Роберт Левандовский довтолгооны байрлалаас арагшаа татаж, хамгаалалтанд оролцож байсанаар Гөтцегийн тоглолтонд ихээхэн нэмэр болсон.  Харин Байерны довтлогч Марио Гомес Дортмундын шигүү хамгаалалтын дүнд хавчигдмал орон зайд тогложээ. Тэрээр бөмбөгний төлөөх тулааны дөнгөж 20 хувийг ялсан байна. Энэ нь бас Байерны хагас хамгаалалтаас ирэх дэмжлэг дутагдалтай байсантай холбоотой. Уг үүргийг хүлээсэн хүний нэг  бол Арьен Роббен. Дортмундын ширүүн хамгаалалт түүний хөлийг тушиж, заримдаа тэдний санаатай алдаа нь Недерланд тоглогчоос гарч болзошгүй галыг тухай бүрт нь унтрааж байв.  Роббен чөлөөтэй гүйгээд эхэлбэл ямар аюул тарьдагийг  Клопын цэргүүд сайн мэдэж байсан юм.  Мөн Тони Кроос чухал үүрэг хүлээсэн хүний нэг. Довтолгоонд Кроосын хийсэн  бүхэн энэ өнөөдөр  хангалтгүй байлаа. Түүнийг хамгаалан тоглосон Свен Бендер талбайд хамгийн их зам  буюу 13 км зам туулжээ. Төвийн хамгаалалтанд Дортмундын Сантана,  Матс Хуммельсийн адил маш сайн тоглосон. Ялангуяа агаарын тулаанд Байернд ямар ч боломж олгосонгүй. Сантана бөмбөгний төлөөх тэмцэлийнхээ 70 хувийг ялжээ. Нөгөө талд Байерны төвийн хамгаалалтанд Боатенг үүргээ муугүй гүйцэтгэж бөмбөгний төлөөх тулааны ихэнхийг нь ялсан. Гэвч Гөтцег хамгаалах үедээ агшин зуурт анхаарал алдсанаас баг нь хожигдол амссан юм.  Чухал тоглолтонд өчүүхэн алдаа гаргавал ямар  том шийтгэл болдогыг харуулсан тод  жишээ энэ байлаа.

Ийнхүү Дортмунд түүхэндээ анх удаа Байерныг гурав дарааллан хожсон шинэ амжилттай болж байна. Мөн тэд 7 тоглолт дарааллан хожигдолгүй тоглолтоо өндөрлүүлэв. Дортмунд Мөнхенгладбахын адил 26 оноотойгоор хүснэгтийг тэргүүлэгч  Байернаас 2 оноогоор дутуу боллоо.

Мөнхенгладбах 13 –р тойргын тоглолтонд Вердер Бременийг өөрийн талбай дээр хүлээн авч, 5:0 харьцаатай бут ниргэв. Гладбахын шилдэг тоглогч Марко Ройс хэт-трик хийж, Аронго, Херманн нар тус бүр нэг гоол оруулсан юм.

 

БАЙЕРН – БОРУССИЯ Д – 0:1 (0:0)
 Гөтце, 65 (0:1).
Бавария Боруссия Д
 Мануэль Нойер  Роман Вайденфеллер
 Марсио Рафинья, 79  Лукаш Пищек
 Хольгер Бадштубер  Фелипе Сантана
 Жером Боатенг  Матц Хуммельс
 Филипп Лам  Марсель Шмельцер
 Луис Густаво  Себастьян Кель, 79
 Тони Кроос  Свен Бендер
 Франк Рибери  Кевин Гросскройтц
 Томас Мюллер, 72  Шинжи Кагава, 89
 Арьен Роббен, 72  Марио Гөтце
 Марио Гомес  Роберт Левандовски, 90
Сэлгээ:
 Давид Алаба, 72  Мориц Лейтнер, 79
 Ивица Олич, 72  Иван Перишич, 89
 Нилс Петерсен, 79  Лукас Барриос, 90

Шар хуудас:

 Луис Густаво, 39  Себастьян Кель, 73
 Хольгер Бадштубер, 60  

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax