Неймар Реалых боллоо, Неймарын асуудлаар Барса тохиоролцоонд хүрлээ, Чэлси Неймарын төлөөх уралдаанд нэгдлээ… гэх мэт мэдээ энэ зунаас хойш олон гарч байсан боловч тухай бүр нь Сантос клуб, Неймар нар үгүйсгэж байсан билээ.
Харин одоогоос сарын өмнө Неймар даатгалын компаны хүсэлтээр эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд орсон бөгөөд үүнийг хэвлэлүүд Реал Мадридын эмнэлгийн үзлэгээр орж байна хэмээн бичиж байсан. Энэ мэдээг Неймар тэр дариу үгүйсгэсэн боловч огт худал мэдээлэл биш байсан нь шинжилгээ хийсэн эмч нь даатгалын компаны ажилтнаас гадна Реалын эмнэлгийн ажилтан бүх шинжилгээний явцад байсан гэдгийг баталснаар тодорхой болсон юм.
Харин хэдхэн хоногийн өмнө нь Бразил болон Испаний хэд хэдэн томоохон хэвлэлээр мэдээлснээр Реал Мадрид залуу довтлогчийн үнэнд 30 сая евро мөн түүний нэр, зураг бусад зүйлсийг арилжааны зорилгоор ашиглах эрхийг өөрийн болгохын төлөө 28 сая евро, нийтдээ 58 сая евро гаргах болсон ба Неймар жилийн 6 сая еврогийн цалинтай 6 жилийн гэрээ хийж 2012 оны зун Мадридад ирэхээр болсон байна.
Клубууд болон тоглогч бүх зүйл дээр тохирсон боловч Неймарыг эзэмшигч талууд дээрх 58 сая еврог хэрхэн хуваах тал дээр маргаантай байгаа тул албан ёсоор зарлагдахгүй хойшилсоор байгаа юм. Неймарын гэрээны 55 хувийг Сантос клуб, 40 хувийг DIS компани, 5 хувийг TEDI компаниуд тус тус эзэмшдэг юм.
Юутай ч Лиуз Роналдогоос хойш төрж буй Бразилийн хурц, өсөх ирээдүйтэй тоглогч гэгдээд байгаа Неймар “их мөнгөөр” Реалд ирэхэд ойрхон байна.
