Одоогоос 123 жилийн өмнө “Астон Вилла”-гийн ерөнхийлөгч Уильям Макгрегор Английн клубүүдийг нэгэн дээврийн дор нэгдэх уриалга гаргаснаар дэлхийн хамгийн эртний мэргэжлийн лиг үүсэн байгуулагдсан түүхтэй. Өдгөө Англид 21 төвшний 480 дивизион бүхий 140 лигт 7000 гаруй баг (жил бүр шинэ клубүүд бий болж, зарим нь тардаг тул нарийн тоог гаргах боломжгүй аж) бүртгэлтэй гэнэ. Нэгэнт хөлбөмбөг сонирхогчид маань Премьер-лигийн тухай сайн мэддэг, тоглолтуудыг нь эх хэл дээрээ шууд үздэг тул түүний дүү гэж болох “Football League Championship”-ийн тухай танилцуулахаар шийдлээ.
2004 онд Лигийн I дивизионы хамт шинээр байгуулагдсан Лигийн АШТ-д 24 баг тоглодог бөгөөд будант Альбиондоо дээрээсээ хоёр дахь төвшний лиг ажээ. “Coca-Cola”- тай байгуулсан гэрээ нь 2009 онд шувтарч, цахилгаан эрчим хүч, шатах хийн үйлдвэрлэл эрхэлдэг “Npower” корпорацийн нөмөр нөөлөгт орсноор хөрөнгө санхүүгийн хувьд тивдээ эхний зургаад орох баян лиг болжээ. “Npower Championship”-ын тоглолтуудыг дамжуулах эрхийг “Sky Sports” эзэмшдэг бөгөөд гурван жилийн хугацаатай 264 сая фунт-стерлингийн гэрээ нь ирэх жил шувтрах ажээ. “Championship”-ийн эхний хоёр байр эзэлсэн багууд шууд дээд лигт дэвшдэг бол 3-6 байр эзэлсэн багууд хасагдах журмаар өрсөлдсөөр нэг нь сүүлчийн “виз”-ийг авдаг журамтай.
Мөн лигтээ сүүлийн гурван байр эзэлсэн баг Хөлбөмбөгийн лигийн I дивизион руу унана. Ингээд “Npower Championship”-ийн 2011/12 оны улирлын тоймыг толилуулъя. Энэ улирлын нээлт болж буй багаар Өмнөд Английн Зүүн Сассекс гүнлэгийн “Брайтон & Хоув Альбион” багийг нэрлэж байна. Цагтаа Испанийн шигшээ багт тоглож байсан “Валенси”-гийн Висенте, Шотландын шигшээгийн довтлогч Крэйг Макейл-Смит, “Уотфорд”-ын хагас хамгаалагч Уилл Бакли нарын од зэрэглэлийн тоглогчдоор хүчээ зузаатгасан тэд лигийн эхний зургаан тоглолтод тав хожиж, нэг тэнцсэн юм. Гэвч “Цахлайнууд”сүүлийн хэдэн тоглолтдоо нэг бус хожигдлыг амссанаар хүснэгтийн тав руу буугаад байна. Тэгвэл шинэ эзэдтэй болсон (багийн эзэн швейцарь саятан Либхерр нь нас барсан) “Саутгемптон” арван тойргоос 22 оноо авсан амжилтаар тэмцээнийг тэргүүлж явна.
Хамгаалалт, довтолгоо нь жигдхэн Гилфордын баг энэ зэргийн тоглолт үзүүлж чадахаа өнгөрсөн жилийн FA Cup-аар нотолсон. Гарет Бэйл, Тео Уолкотт нартай хамт нэг академид суралцаж байсан Найжел Адкинс, довтлогч Рики Ламберт, туршлагатай ирланд эр Дэвид Конноли, хагас хамгаалагч Адам Лаллан нар энэ улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж буй. Түүнчлэн тэд Алекс Окслейд-Чемберленээ “Арсенал”-д зарсан мөнгөөрөө “Барнли”- гээс авьяаслаг Даниэль Фокс, “Челси”-гээс залуу хамгаалагч Жек Корк, Голландын “Де Граафсхап”-аас Стив де Риддер нарыг худалдан авч, ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийгээд байна. Мэдээж хөлбөмбөг сонирхогчид Премьерлигээс унасан багууд энд хэрхэн тоглож буйг сонирхож буй нь лавтай. “Вест Хэм”-ийн удирдлага дасгалжуулагч Сэм Эллардайсыг халалгүй үлдээж, алдаагаа залруулах боломж олгосон нь оносон бололтой, шинэ залуусаар эгнээгээ өргөтгөсөн тэд эхний зургаан тоглолтынхоо дөрөвт нь хожоод байна.
Тэр дундаа лигтээ хүчирхэгт тооцогддог “Уотфорд”,“Ноттингем”-ийг хожсон тоглолт үзэгчдэд нэлээд сэтгэгдэл төрүүлсэн. Бараг тоглолт болгонд 3-4 бөмбөг оруулж буй “Алхнууд” энэ формоо хадгалж чадвал Премьер-лиг рүү буцаад дэвшихийг байг гэх газаргүй. Харин “Бирмингем” өөдлөхгүй хэвээрээ. Хамаг тоглогчид нь дампуурлын ирмэг дээр ирсэн багаа хаяж одсоноор хүснэгтийн доогуур хавьцаа л эргэлдэх болж. Хэрэв үүсээд буй нөхцөл байдалд даруйхан арга хэмжээ авахгүй бол тэд ахиад ч зэрэглэл уруудах төлөвтэй. Тэгвэл дээд лигийн өөр нэг төлөөлөгч “Блэкпуль” Чарли Адамыг зарсан мөнгөөрөө 2-3 сүрхий наймаа хийсний дүнд хүснэгтийн долдугаар байрт явна.


