Хэний ч таамаглаагүй Македоны шигшээ шуугиан тарьж, Германы шигшээ хэсгээсээ шалгарч чадалгүй ирэх жилийн олимпийн наадмыг зурагтаар үзэхээр боллоо. Ингээд та бүхэндээ шөвгийн наймд таарсан багуудын оноолтыг танилцуулъя.
Испани – Словени: Испани одоогийн байдлаар энэ тэмцээний хамгийн шилдэг баг нь байна. Ах дүү Газолийн удирдлаганд тэд долоо ялж ганцхан ялагдаад байгаа бөгөөд бүгд л сэтгэл татам тоглож байгаа юм. Хэдийгээр Рики Рубио санаанд хүртэл тоглохгүй байгаа ч тэмцээний хамгийн чадварлаг том тоглогчид энэ багт байгаа болохоор асуудал биш байна. Эцсийн дүндээ самбар доорх тоглогчид ялж байна.
Ямар ч тэмцээнд чанга өрсөлдөгч байдаг Словени энэ тэмцээнд тааруухан байна. Сүүлчийн мөчид Финландыг хожсоноор нокаут шатанд үлдсэн юм.
Македон – Литва: Энэ тэмцээний гол сюрприз баг болж буй Македон өчигдөр Оросыг хожих дөхсөн. Эцсийн мөчид Моня ялалтын гоолыг хийж хойд хөршүүд хэсгээсээ нэгээр гарсан юм. Македоны багийн гол цөм нь Бо МакКалебб байна. Тэр Нью Орлеансд төрж өссөн бөгөөд өдгөө Македоны иргэн болсон нэгэн.
Литвийн хувьд Македоны багийг хожих ёстой баг. Тэд Германы шигшээг мулталсан. Дариус Сонгайла, Сарунас Ясикивишус, энэ жилийн драфтын тав дахь сонголт Ёнас Валансиунас нар энэ багт бий. Гол гарз нь Линас Клейзагаа гэмтлийн улмаас алдлаа.
Франц – Грек: Франц энэ тэмцээнд довтолгоон дээрээ бага зэргийн асуудалтай харагдаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар энэ тэмцээний MVP Тони Паркер гайхалтай байна. Одоогоор Франц 7 хожиж ганц хожигдоод байна. Нэг хожигдсон тоглолтонд лидерүүд нь амарсан байсан билээ. Самбар доор Жоаким Ноа, жигүүрт Николья Батум, Борис Диав нар байгаа.
Грек энэ тэмцээнд тааруухан тоглож байгаа. Таван жилийн өмнө Америкийг хожсон баг мөн үү гэмээр тоглож байна. Македоны багт тасархай хожигдсон.
Орос-Серби: Оросын баг энэ тэмцээнд нэг ч хожигдоогүй байна. АК-47 багаа 13,9 оноогоор тэргүүлж буй. Тэд багийн тоглолтыг тун сайн үзүүлж, бүх хүн бүх талбарт жигд тоглож байгаа нь уг багийн амжилтын үндэс болж байгаа юм.
Герман, Туркийг буулгаж авч энэ шатанд үлдсэн Сербүүд сонгодог Европын довтолгоогоо хийх нь тодорхой.http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Y-4Razoz1qE
