Английн премьер лигийн сэтгэл хөдөлгөм шинэ улирал эхлэхэд бэлэн боллоо. Багууд зуны наймааны цонхоор чадах чинээгээрээ хүчээ зузаалж, шинэ тоглогчид авчирсан учраас шинэ өнгө төрхтэй премьер лигийн өрсөлдөөнийг үзэх гэсэн фенүүдийн хүлээлт өндөр байгаа байх. Ингэх ч учиртай. Өнгөрсөн улиралд түрүү авсан Манчестер Юнайтедийг премьер лигийн эрин эхэлснээс хойш аварга авсан хамгийн тааруу бүрэлдэхүүнтэй баг гэж шүүмжлэх хүмүүс олон байгаа.
Гэтэл тэд аман хүзүүдсэн Челсигээс бүтэл бүтэн 9 оноогоор тасархай тэргүүлсэн нь бусад “топ”-уудад олон юм бодогдуулсан байх. Сүүлийн 10 жилд лав Английн лигт ийм хол зөрүүгээр түрүүлсэн баг гараагүй. Европт олон улсын ямар нэгэн томоохон тэмцээнгүй жил арилжаа наймааны идэвхи тийм ч хүчтэй байдаггүй. Харин цуу яриа, шуумуудаар бөмбөгддөг гэхэд болно. Энэ жил ч гэсэн тэр уламжлал алдагдсангүй. Серхио Агуеро, Де Хеа, Лукаку, Жервиньо гэсэн сонирхолтой наймаанууд премьер лигт хийгдсэн ч жинхэнэ тэсрэлт хийсэн шилжилтүүдийг энэ сарын сүүлээр л бид харах байх.
Манчестер Юнайтед, Ливерпуль гэсэн Английн хоёр “аварга загас” наймааны бодлогоо дотооддоо чиглүүлэн барьж даруухан загналаа. Фил Жонс, Эшли Янгийг энэ хоёр баг хоёулаа сонирхож байсан ч Олд Траффордыг тэд сонгосон. Ливерпуль юунаасаа дутахав гэсэн шиг Жордан Хендерсон, Стьюарт Даунинг, Чарли Адамыг багагүй хөрөнгө зарж авчирсан. Эдгээр залуус өөрдсийгөө альхэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн супер одод биш гэдэг нь тодорхой. Тиймээс тэдэнд хийж, бүтээх зүйл энэ жил их байх болно.
Ливерпулийн шинэ эздийн хэлж байснаар энэ жилийн тэдний зорилго 2012-13 оны улирлын Аваргуудын лиг. Тэгэхээр дотооддоо дор хаяж 4-р байр эзлэх зорилго тавж байгаа ч Кенни Дэлглишийн хувийн амбиц үүнээс илүүг мөрөөдөж байгаа нь тодорхой. Эргэж ирсэн хоёр дахь улиралдаа тэр шууд аваргын төлөө зүтгэхээр тэмүүлж байгаа нь үйлдэл бүхнээс нь харагдаж байна.
Харин Аваргуудын хувьд өөрчлөлт, шинэчлэлтийн эгзэгтэй үедээ явж байна. Энэ багийн түүхийн нэгээхэн хэсгийг бичилцсэн Гэри Нэвиль, Ван дер Сар, Пол Скоулз зодог тайлж Райн Гиггз, Рио Фердинандын цаг хэзээ мөдгүй ирэх дөхөөд байна. Де Хеа, Янг, Жонс тус тусын байраа эзэлж Уэлбек, Клеверли, Смоллинг, Эванс, Рафаель, Фабио гэсэн шижигнэсэн залуус Сер Алексийн гар дор хүмүүжиж өдөр ирэх тусам хөл гар нь чангарч буй. 70 насны босго дөхөж байгаа Сер Алекст дахиад нэг Манчестер Юнайтедийн эринг эхлүүлэх хангалттай туршлага, эрч хүч бий.
Челсигийн тухайд шинээр ирсэн тоглогчид гэхээсээ илүү шинэ дасгалжуулагч руу гол анхаарал төвлөрч байна. Челсигийн түүхэнд үлдсэн гайхалтай дасгалжуулагч Жосе Моуриньогийн замаар замнаж буй Андреш Виллаш Боашыг өөлөх юм гэвэл нас залуу, цус шингэн л байх. Бусдаар бол үнэхээр “өрөм , тос” л гэсэн үг.
Боаш өөрөө скаут хийж байсан болохоор авьяастай залуу тоглогчыг олж харах талаараа Венгерээс нэг их дутаад байхааргүй авьяастай нэгэн. Тийм ч болохоор наймааны цонхоор Романы хөрөнгийг үрэн таран хийхийг тэргүүнд тавилгүй харин ирээдүйдэй залуусаар Цэнхэрүүдийн эгнээг хүчирхэгжүүлэх бодлого барилаа. Ромелу́ Лукаку, Ориоль Ромеу гэсэн хоёр залууг авчирахад ердөө 5 сая хүрэхгүй фунт зарсан.
Абрамовичийн эрин эхэлснээс хойш Челсигийн зуны наймаанд жил бүр зарцуулж байсан мөнгөний хажууд энэ бол инээд хүрч, элэг хөшмөөр тоо. Гэхдээ Виллаш Боаш цонх хаагдахаас өмнө нэг час хийсэн наймаа хийж фенүүдээ баярлуулахыг үгүйсгэх аргагүй. Ер нь залуу гэлтгүй их дотроо бодолтой, тун няхуур хөдөлдөг мэргэжилтэн гэдгийг нь хөлбөмбөгийн мэргэжилтнүүд хэлээд л байгаа.
Виллаш Боашын бас нэг даалгавар бол Торрестэй тулж ажиллах. Челсгийн түүхэнд үлдэх өндөр үнээр ирсэн Эль Нино гоол хийх учраа нэг л олж чадахгүй байгаа цаад шалтгааныг Виллаш олж гоолын тэнгэрийг нь дуудах “бөө” болж чадвал хожмын зорилгодоо хүрэхэд нилээд амар байх болно гэдгийг өөрөө гадарлаж байгаа байх.
Манчетсер Ситиг анх баян Араб Шэйхийн дундаршгүй буянаар туйлж байхад олон хүн ингэж хэлж байсан. Мөнгөөр амжилтыг худалдаж авч чадахгүй гэж. Яахав зарим нэгэнд нь атаархлын өнгө байсан л байх. Гэхдээ одоо хар л даа. Ямар ч байсан тэд 35 жил хүлээсэн цомоо өнгөрсөн улиралд авч, Аваргуудын лигт орох ерөнхий зорилгоо биелүүлчилсэн явж байна. Тэгэхээр бууж өгөхөөс өөр аргагүй болж дээ. Мөнгө бүхнийг дийлдэг болсон хорвоо шүү дээ. Энэ жил ч тэд уламжлал ёсоор хөлбөмбөгийн ертөнцийг доргиосон том наймаа хийлээ.
Диего Марадонагийн хүргэн, Серхио Агуеро нилээд “луу унжсаны” эцэст долоо хоногийн 200 мянган фунтийн цалин авахаар Манчестер Ситид ирлээ. Харин түүнтэй зөрөөд Бразил руу явах учиртай байсан Карлос Тевес яг яах гээд байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Гол асуудал түүний тэнгэрт тулсан цалинд байгаа бөгөөд түүнийг нь төлж дийлэх баг олдохгүй байгаа бололтой. Түрүү өвлөөс хойш явна, харин гэж уйлан дуугараад байсан болохоор Ситиг хайрлах сэтгэл нь нэгэнт хөрсөн гэдэг хэн хүнд тодорхой болсон. Энэ жилдээ багтаа үлдсэн ч фенүүд нь өмнөх шигээ алгаа тосоод угтах нь юу л бол.
Өмнөх жилүүдэд Сити тоймгүй олон наймаа хийж байсан ч тэр чинээгээрэ ашиггүй олон тоглогчдоор дүүрч, тэднийгээ ашиглаж чадахгүй нэг хэсэгтээ сандарсан. Харин энэ алдаагаа хурдан ойлгож хэрэггүй, өндөр цалинтай тоглогчдоо явуулсан нь сайны эхлэл. Ерөнхийдөө Араб эзнийхээ ачаар Сити хэр баргийн багт дээрэлхүүлэхээргүй ноён нуруутай, хүчтэй баг болчихоод байна. Гагцхүү энэ бүхнийг зөв чиглүлж, бужигнасан олон том толгойтой оддын учрыг олох ажил Манчинид үлдлээ дээ. Реалын Галактикогийн эхлэл ч нэг иймэрхүү байсан даа.
За одоо Арсеналын сэдэв рүү шилжье. Арсеналын фенүүд энэ улирлыг Now or Never гэж нэрлэж байгаа нь нөхцөл байдал ямар хэмжээнд тулсныг харуулж байна. Дахиад нэг цомгүй, сэтгэлээр унагасан улирлыг Буучдын фенүүд тэсэж чадах болов уу. Миний бодлоор лав үгүй. Нэмэр дээр нэрмээс гэж аварга авах “ирмэг” дээр ирчихээд байхад Фабрегас, Насри гээд багийн цөм болсон тоглогчид явна гээд айлгаад байдаг.
Фабрегас ч яахав сүүлийн жил ийм цуу ярианд дөжирчихсөн хүн. Угаасаа энэ зундаа багтаад явчих нь тодорхой байгаа. Харин Насригийн тухайд ийм эгзэгтэй үед багаа орхивол фенүүд нь гомдох л байх. Түрүүчийн 2 сард өгсөн ярилцлагадаа Би Арсеналд цом шагнал авах гэж ирсэн. Харин ийм байдал үүснэ гэж төсөөлсөнг ч үгүй гэж ярьж байсан.
Түүний гэрээний хугацаа ирэх жил дуусах бөгөөд үүнээс өмнө “цом авдаг” баг руу явчихыг үгүйсгэх аргагүй байна. Гэхдээ сүүлийн үед цуу яриа намжсаныг бодвол сүүлчийн удаа оролдоод үзэхийг бодож байгаа бололтой. Хэрвээ явчих юм бол бүх ачаа Жек Уилширийн нуруун дээр ирнэ. Английн ирээдүй болсон энэ “жаал” том хариуцлага үүрэхэд альхэдийнэ бэлтгэгдсэн гэж мэргэжилнүүд бичиж байгаа.
Арсеналын хувьд арай гэгээлэг мэдээ гэвэл Жервиньо, Чамберлайн хоёр үнэхээр сайн довтлогчид гэдэг л байна. Дебут тоглолтдоо дубль хийж гайхалтай эхлэл тавьсан Жервиньод Буучид ихээхэн найдвар тавьж байна. Гэхдээ тэр Буучдад аваргын түрүү авчирах довтлогч мөн болов уу.
SN-н таамаглал –
Премьер лигийн ТОП – 4 - Манчестер Юнайтед , Манчестер Сити, Челси , Ливерпуль
Премьер лигээс унах багууд : Соунси, Блекберн, Норвич
ФА цом : Челси
Лигийн цом : Арсенал
Европын лиг : PSG
Аваргуудын лиг – Реал Мадрид
Оны шилдэг тоглогч – Уэйн Рүүни
Шилдэг залуу тоглогч – Жек Уилшир



